2013年6月27日木曜日

Цахиагийн Элбэгдорж улиран сонгогдлоо


2013-06-27 07:42:25

 
elbegeeМонгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн дүүрэн, жинхэнэ утгаар нь эдэлж, түүхэн сонголтоо хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль эмх цэгцтэй, урдны сонгуулиудтай харьцуулахад харьцангуй “маапаангүй” болсон гэж ажиглагчид дүгнэж байна. Нэг үеэ бодвол монголчууд бид сонгууль өгч сурсныг энэ удаагийн сонгууль баталлаа. Иргэд ч иргэний үүргээ ухамсарлаж, сонгуульдаа идэвхтэй оролцсон нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог байв.

-СЭТГҮҮЛЧ, БӨХ, ЭМЧ ГУРВЫН ӨРСӨЛДӨӨН-
Монгол төрийн тэргүүнээ сонгох зургаа дахь удаагийн сонгууль амжилттай болж өдөрлөлөө. Энэхүү сонгуульд Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшин өрсөлдсөн. Үнэндээ аль ч утгаар нь авч үзсэн сэтгүүлч, бөх, эмч гурвын “тулаан”-ы ялагч эхнээсээ тодорхой байсан гэхэд хилсдэхгүй. Ц.Элбэгдорж туршлагатай улс төрчийн хувьд эхлүүлснээ үргэлжлүүлэхийн төлөө итгэл дүүрэн өрсөлдсөн бол Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч олон түмний их хайр хүндлэл шингэсэн “аварга” нэрэндээ найдсан гэхэд болно. Товчхондоо түүнд өөр “шанс” байгаагүй, хөдөөний иргэд энэ л утгаар нь түүнийг дэмжсэн. Гэхдээ учир мэдэх хүн бүрийн толгойд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэсэн бодол буухгүй байгаа нь ажиглагдаж байв.
Энэ удаагийн сонгуулийн “сонин” өрсөлдөгч болох Н.Удвал эмч хүн. Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монголын түүхэнд анх удаа эмэгтэй өрсөлдөгч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь содон үзэгдэл байв. Бүсгүй хүний нарийн ухаан, торгон мэдрэмжээр төр жолоодож мэдэх юм гэж итгэл хүлээлгэхийг хүссэн иргэд цөөнгүй байсан. Гэхдээ түүнийг МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах цор ганц зорилготой сонгуульд оролцсон гэдэг. Энэ нь ч сонгуулийн санал хураалтын дүнгээс тод харагдсаныг ажиглагчид нуусангүй. Сонгогчдын дүгнэснээр тэр яагаад ч ирэх дөрвөн жил төр барих эрхэм хүнээр тодрох боломжгүй, “арай л биш” байсан. Гэхдээ тэр чамлахааргүй санал авсан билээ.

-ОЛОН ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ШУДАРГА, ДАЙЧИН АЖИЛЛАСНЫ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА-
2013 оны Монгол Улсын Ерөнхиийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулсан нь тодорхой болоод байгаа билээ. СЕХ-ноос түүний ялалтыг албан ёсоор зарлан тунхаглаагүй ч хэдийнэ баярын марш эгшиглэсээр байна. Шүүх засаглалыг гольдрилд нь оруулж, авлигачидтай тууштай тэмцэх ажлыг эхлүүлж,  улмаар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй лицензүүдийг цуцалсан гээд түүний хийснийг тоочвол тоймгүй.
Тэрээр сонгуулийн өдөр саналаа өрсөлдөгч Б.Бат-Эрдэнийн төлөө өгсөн байна. Мөн гадны сэтгүүлчидтэй цөөн хором уулзахдаа “Монголд агаарын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтхурдацтай явж байна. Цөлжилт, уул уурхайтай холбоотой хүндрэлүүд байна. Тийм учраас иргэдтэйгээ тулж, байгаль орчинтойгоо ойрхон байдлаар улс орноо хөгжүүлэх нь бидний хамгийн гол чиглэл юм. Энэ чиглэлээр Монгол Улс амжилт олно гэдэгт итгэж байна” гэж хэлсэн.
Ц.Элбэгдоржийн амжилтын гол түлхүүр хар пи ар хийхгүй, шударга үнэнчээр өрсөлдөх байсан нь ийнхүү амжилтад хүргэснийг олон хүн онцолж байна. Ямартаа ч тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон түмнийхээ төлөө шударга, дайчин ажилласан. Түүнийхээ үр шимийг ч хүртсэн. Энэ нь нэг талаар монголчуудын түүхэн ялалт болов.    
-СОНГУУЛИЙН ИРЦ ХАНГАЛТТАЙ БАЙЛАА-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдан ажиллав. Өглөөний 07.00-22.00 цагийн хооронд орон даяар хуулийн хүрээнд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хангалттай байлаа. Өчигдөр өдөр 11.30 цагт хийсэн СЕХ-ны мэдээллээр сонгогчдын ирц улсын хэмжээнд дунджаар 16.61 хувьтай байсан бол 15.00 цагийн байдлаар хэдийнэ 43 хувьд хүрээд байсан юм. Харин оройн 19.30 цагийн мэдээллээр сонгогчдын ирц улсын дунджаар 57.73 хувьтай байв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 22.30 цагт мэдээлэл хийхдээ урьдчилсан дүнгээр аймгуудын ирц 63.89 хувьтай байгаа бол нийслэлийн дүүргүүдийн  ирц 65.13 хувьтай гэж мэдэгдсэн билээ. Сонгуулийн дүнгийн талаар маргааш албан ёсоор мэдээлэх юм.

-1000 НЭГЖИЙН УРАМШУУЛАЛ ИРГЭДИЙН ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ-
Энэ жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс саналаа өгсөн сонгогчдод нэгжний урамшуулал олгосон. "Мобиком", "Скайтел", "Жи-мобайл, "Юнител" зэрэг компаниуд уг саналыг дэмжин гарах зардлыг өөрсдөө хариуцахаа илэрхийлсэн юм. Дараа төлбөрт хэрэглэгчид нууц кодоо тусгай дугаарт явуулснаар дараа сарын төлбөрөөс 1000 төгрөг хасагдах бол урьдчилсан төлбөрт буюу картын хэрэглэгчид мөн 130808 тусгай дугаар руу нууц кодоо явуулсны дараа таны утсанд автоматаар 1000 нэгж орох юм. Энэхүү нууц код нь сонгуулиа өгөхөөр очсон иргэдэд санал өгөхөд тараах сонгуулийн хуудсан дээр хэвлэгдсэн байв. Сонгогчдын дийлэнх нь урамшууллын шинэ систем бий болсон иргэний үүргээ биелүүлэх сайн хөшүүрэг боллоо хэмээн талархалтай хандаж байсан юм.

-СОНГОГЧИД ЗАВЬ “ХӨЛӨГЛӨЖ” САНАЛАА ӨГЛӨӨ-
Сонгуульд саналаа өгөх сонгогчдын идэвх хот, хөдөөд харьцангуй өндөр байв. Энэ удаагийн сонгуульд ялангуяа залуус идэвхтэй оролцсоныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал тааруу, устай бороо орсны улмаас хөдөөгийн зарим сумдад гол үерлэж, гатлахад хүндрэлтэй болоод байжээ. Сонгуулийн өдөр энэ байдал ч үргэлжилсэн. Гэвч орон нутгийн иргэд гараа хумхиад, ус гаталж чадаагүйгээс сонгуулиа өгсөнгүй гэж шалтаг тоочихыг хүссэнгүй. Тодорхой жишээ өгүүлэхэд, Хөвсгөл аймгийн зарим сумдад их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерлэсэн тул сонгогчид завиар гарч саналаа өгч байв. Төвөөсөө алслагдсан зарим газар иргэдийнхээ саналыг өгүүлэхийн тулд машинаар зөөсөн мэдээлэл бий. Дашрамд дурдахад, Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн 5198 сонгогчоос 4812 сонгогч буюу 92.6 хувь нь саналаа өгсөн юм. Мөн энэ удаагийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа оролцож, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, Ерөнхийлөгчөө сонголцсон билээ.

-ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ БАРАГ ГАРСАНГҮЙ-
Энэ удаагийн сонгуулиар ноцтой зөрчил дутагдал гараагүйг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Гэвч эх сурвалжуудын мэдээлснээр сонгуулийн үеэр багагүй зөрчил дутагдал илэрсэн байна. Мөнгө амлаж, тараасан асуудал ч мэр сэр гарчээ. Жишээлбэл, “Скайтел”-ийн дугаараас нэгэн эмэгтэй “Жи мобайл”-ын дугаар руу залгаж “МАН-аас ярьж байна. Манай намын нэр дэвшигчийг дэмжээрэй. Олон хүн дагуулж очоорой” хэмээн ярьсан байна. Мөн Өвөрхангай аймгийн Богд суманд нэгэн ноцтой хэрэг гарсан. Тус сумын сонгуулийн хороон дарга Б.Чулуундоржийг МАН-ын гишүүн Д.Ганбаатар гэгч зодож танхайрсан юм. Харин тус аймгийн Сант сумын 47 дугаар хэсгийн хороон дээр багийн засаг дарга У.Мөнхтогтох гэгч мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ цагдаад баригдсан байна.

-МАН ХУУЛЬ ЗӨРЧИВ-
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийх үеэрээ МАН-аас хэвлэлийн бага хурал хийсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа хэмээн мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ “Энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Хүмүүс надаас ингэж болох уу гэж асууж байсан. Энэ бол болохгүй зүйл гэдгийг хэлмээр байна. Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс эхлэн аль нэг намын тухай сурталчилгаа болон хэвлэлийн бага хурал хийх нь хориотой” гэсэн юм. МАН-ынхны хувьд 2013 оны
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн таалагдахгүй байгаа. Тэд хар машинаар сонгогчдын саналыг авлаа гэсэн цуурхал тараасан ч тусыг эс олсон. Үнэндээ энэ намд нэг удаа “сэхэл” авах боломж ганцхан Ерөнхийлөгчийн сонгууль л байлаа. Тэд боломжийг алдав.

-ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДАХИН СОНГОСОН НИЙТ МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА-
Хэрвээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол яана аа гэж сонгогчдын дийлэнх нь эмээж байснаа нуухгүй байна. Ямар сайндаа л зарим нь Б.Бат-Эрдэнэ аварга Ерөнхийлөгч болчихвол иргэншлээ солино гэж дамшиглаж байх вэ...  
Монголчуудын энэ удаагийн сонголт оновчтой байсныг ирэх дөрвөн жилийн хугацаанд харуулах ёстой. Ц.Элбэгдоржид тийм л хариуцлага оногдож буй.
Юутай ч Ерөнхийлөгчөө дахин сонгосонд нийт монголчууддаа баярласнаа илэрхийлэхийг олон хүн хүсч байна. Яагаад гэвэл түүнд одоо хэлсэн ярьснаа хэрэгжүүлж, хийх цаг хугацаа, боломж хангалттай нээгдсэнийх. Сонгуулийн урьдчилсан дүнгээр тэрээр 21 аймгаас 13-т нь ялаад байгаа. Нийслэлийн Багахангай, Багануураас бусад долоон дүүрэгт ялж, 2009 онд үзүүлж байсан амжилтаасаа илүү амжилт үзүүлж, урьдчилсан дүнгээр 53 орчим хувийн санал авсан. Монголчууд бид ийм л түүхэн хариуцлагатай сонголт хийлээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ

http://www.medee.mn/main.php?eid=33163

0 件のコメント:

コメントを投稿