2014年7月16日水曜日

Ц.Элбэгдорж: Монгол наадмаас тольдож болдгийг харууллаа

2014-07-12 21:15:07 - Нийслэл
 


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний  их баяр наадмыг хааж хэлсэн үг

Монгол наадам сайхан болж өнгөрлөө. Хүчит бөхчүүд нь хурц шаламгай барилдлаа. Уяачын эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж, хүлэг морьд маань шандас төгс байлаа. Мэргэн харваачид маань ончтой цэцтэй харвалаа. Даяар монголчуудын үндэсний их баяр наадам бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Монгол наадам бол монгол соёлын мөн чанар, мөчир салаа нь юм.

Монголын түүх, монгол хүмүүний сэтгэлгээг монгол наадмаас тольдож болдгийг бид харууллаа. Өнийн түүхээ өнөөгийн ололтоор бататгаж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх золбоо, зорилго, зориг бидэнд бий. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг нандигнаж эвийн хүч, шударга ёсыг эрхэмлэж үүрэг хариуцлагыг ухамсарлан, ухааны тэнхээг шавхан, улс монголоо хөгжүүлэх түүхэн цаг үед амьдарч байгаагаа ямагт санаж, дор бүрнээ хичээн зүтгэцгээе. Монгол түмний цэнгэл баярын хоймроос ирэх жилийн наадмыг хүлээн энэ жилийн баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байг. Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай. Хурай хурай хурай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 

http://www.medee.mn/main.php?eid=49823

0 件のコメント:

コメントを投稿