2014年2月12日水曜日

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн будлиан ба 40.5 саяын “дээрэм”

Дорнод аймгийн Матад сум буюу Тамсагийн сав нутаг газрын тосоор одоохондоо Монголдоо л толгой цохиж байна. Дорноговийн Зүүнбаянгийн ордоос хэд дахин их нөөцтэй. Матад сум бол хуучнаар Үйзэн бэйсийн хошуу л даа. 1924 оноос Матад хан уулын хошуу, улмаар Матад сум болсон түүхтэй.
  
Тамсагийн сав газарт  газрын тос олборлогч Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн юм. Яагаав, анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийнхээ энгэрт алганыхаа хээг тамгалсан тэр торгон мөчийг уншигчид санах биз. Энэхүү гэрээ нь тухайн үедээ л том гэрээ байж. Гадаадын хөрөнгө оруулалт бараг “нооль” заачихсан цаг үе шүү дээ. 
 
Америк, Канад нийлсэн хэдэн хүн тийш нь компаниа оруулж, удалгүй гарч явахдаа газрын тосны ордыг нь Хятадуудад шилжүүлсэн юм билээ. Харамсалтай нь тэнд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани орж ирээд  манай засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа өөрийн талд  өндөр ашигтай нөхцөл тулгаж амжсан байлаа. 
 
Энэ гэрээгээр хуанлийн сард хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ 50 мянган баррелиас бага байвал Монголын тал 35 хувь, Хятадууд 65 хувийг нь хүртэнэ. Сүүлийн жилүүдэд манайхан энэ хувиа бүрэн авдаг эсэх нь эргэлзээтэй болоод байна. Нийт 25 бүлэг, 95 хуудас бүхий гэрээний наймдугаар зүйлд “Төлбөр ба бүтээгдэхүүн хуваалт” гэсэн хэсэг бий. Энд зааснаар бол  “Бүтээгдэхүүний аливаа төлбөр нь ашигт тосны Монголын хувьцаанд багтах бөгөөд түүнийг “МГТ” компани  Засгийн газарт төлнө” гэжээ. 
 
Харамсалтай нь “МГТ” буюу “Монгол газрын тос” компани болон Газрын тосны газрын удирдлагын шунахай сэдлээр төрийн данс руу орох мөнгө нь өөр зүгт алга болж байсан байна. Тодруулбал, Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан гэгч нь бусадтай хуйвалдан мөнгөө Хонгконг руу шилжүүлэн хувьдаа ашиг унагаж байжээ. Үүний мөрөөр өнгөрсөн онд хууль хяналтынхан шалгаж  40.5 сая ам.доллар завшсаныг нь тогтоосон байна. 
 
Гэвч энэ талаар УМБГ-ын дарга нар  нэг удаа албан ёсоор сүртэй нь аргагүй мэдэгдээд  удалгүй засаг адил чимээгүй болцгоосон нь тун хачирхалтай. Харин саяхан нэгэн эх сурвалж хэлэхдээ “Д.Амарсайхан ганцаараа тийм их мөнгө дээрэмдээгүй. Хамтран зүтгэгчид нь Хятад, Монголын томчууд учраас хэргийг нь хаалгах гэж оролдож байгаа байх. Одоогоор Д.Амарсайханы мөрдөн байцаалт үргэлжилсэн   хэвээрээ байна. Харин бие нь тааруухан байгаа” гэсэн юм. 
 
Ер нь Тамсагийн сав нутагт оргилох газрын тосны эргэн тойронд болж өнгөрсөн элдэв үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр тэнд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эзэд хэмжээгүй эрхэт хааны сэнтийд   заларсан мэт аашилж буй аж.  Манайхан ч гэж манайхан.  Хувь хувьдаа мөнгөний хэтэвчээ  л анхаарахаас биш тус компанид хяналт шалгалт хийдэг, шаардлага тавьдаг хүн гэж бараг байсангүй. 
 
Харин хаа очиж Матад сумын уугуул иргэд байнга санаа тавьж, нүдэн дээр нь орвонгоороо эргэн сүйрэх эх байгалиа хамгаалахаар үхэн хатан тэмцэж байна. Матад сумын Буян-Өндөр багийн газар нутгийг бохирдуулсаны торгууль, төлбөрийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл нь шүүх дээр олон сарын турш яригдаж, эцэст нь “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ялагдлаар өндөрлөв. Шүүхийн шийдвэрээр тус компаниас орон нутагт нь 1.3 тэрбум төгрөг төлжээ. Энэ бол иргэний хяналт тухайн орчиндоо амжилттай хэрэгжиж болдогийн нэг жишээ юм. 
 
 
“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн заль мэх, хууль бус үйлдэл зөвхөн энэ хэдээр төгсгөл болохгүй бололтой. 2011 онд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын олж тогтоосон 30 гаруй тэрбум төгрөгийн торгууль төлөөс мөн л хав дарагдаад байгаа ажээ.
 
 Татвараас зайлсхийсэн, хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн зэргээс үүсэлтэй энэхүү төлбөрийг Татварын ерөнхий газрын эрх мэдэлтнүүд албан ёсоор баталгаажуулж, “Петро Чайна Дачин Тамсаг” компаниар төлүүлээгүйн учир шалтгаан одоогоор бүрхэг хэвэээрээ байна. Энэ талаар дараа дахиж дэлгэрэнгүй мэдээлье дээ.
 
Өгүүллийнхээ төгсгөлд харин дээр дурьдсан бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх, газрын тосны тухай хуулийг сайжруулах талаар нутгийн иргэд нэлээд хатуу байр сууртай байгааг эрх баригчдад дамжуулмаар санагдлаа.  “Петрочайна Дачин Тамсаг” компани нь 2010 онд 420 мянган тонн буюу 2,4 сая баррель тос олборлосон байна.  Тэгвэл 2013 оноос 1,23 сая тонн буюу 9,2 сая баррель түүхий тосыг “Тосон Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудаас олборлохоор төлөвлөсөн   байв. Зөвхөн дунджаар нь тооцвол тус компани өдөрт 200 мянган баррель газрын тос олборлох тооцоо гарч байгаа юм.
 
Энэ нь дээрх гэрээний 8.3 дахь заалтын гуравт “Үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 100 001 баррелиас их байвал Монголын Засгийн газарт 60 хувь, гэрээлэгчид 40 хувь ногдоно” гэсэн заалттай нийцэж буй ч анхаарах зүйл бас бий. Тухайлбал,  өртөг зардлаа  нөхөхөд зориулж олборлосон тосных нь 40 хувийг Хятадуудад “бэлэглэх” хэтэрхий өглөгч  заалт оржээ.
 
Өөр нэгэн хачирхалтай заалт нь орлогын орлон төлөгдөх татвар гэсэн нэр томьёо бөгөөд үүгээр гэрээлэгчийн өмнөөс манай “МГТ” компани татвар төлөх нь утагүй юм. Энэ мэт олон “но”-той заалтууд гэрээнд байгаа ажээ. Иймээс өнгөрсөн онд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй улс төрчид Матад суманд очоод “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн удирдлагуудтай уулзахдаа харилцан ашигтай ажиллахыг анхааруулсан. 
 
Тэр үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монголын тал бага юм хүртээд, Хятадууд ихийг авах нь зохимжгүй. Тиймээс Газрын тухай хуулиа шинэчилж, гэрээг үргэлжүүлэх шаардлагатай” гэж байлаа. Ядаж тэдний хэлж ярьсан ёсоор ажиллавал Тамсагийн талаас ирэх хөгжил арай найдвартай  болох болов уу. Хөх хотоос тээвэрлэх шатахуун ч манайхны тос нэрэх үйлдвэр ашиглалтанд ортол лав тасрахгүй биз.
 
 Б.Отгонбаяр /Eagle.mn/
 
http://uildverjilt.mn/medee-54812726512722.html

0 件のコメント:

コメントを投稿