2013年7月10日水曜日

Ц.Элбэгдорж: Ирэх нэг жил бол ирээдүйн арван жилтэй тэнцэх ач холбогдолтой








Энд хүрэлцэн ирсэн
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монгол ахан дүүс ээ,
Эрхэм төрийн түшээд ээ,
Хүндэт зочид, хадагтай ноёд оо

Монголын цаг дор та бид Монголын төрийн хүндэтгэл ёслол, Монгол түмний их наадам цэнгэлдээ хуран цуглаад байна. Миний бие дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргыг хоёр дах удаагаа өргөлөө. Монголын мөнх хөх тэнгэрийн дор, ард олныхоо хулуун хүндэтгэл уухайлж хуурайлах дуун дунд Эзэн Богд Чингис хааныхаа мэлмий, их цагаан ёсөн сүлдний өмнө Монгол Улсын Их хурлын хүндэтгэлийн чуулганд Монгол Төрийн тэргүүний тангаргыг ийнхүү өргөснөө би их ёс төр, итгэл найдвар, их хариуцлага хэмээн хүлээн авч байна. Мөнх хөх тэнгэртэй байрлалаа, Монголын хийморьлог ард түмэндээ баярлалаа, өвөг дээдэс Эзэн Богд Чингис хаандаа баярлалаа, УИХ-ын гишүүд, Төрийн өндөрлөгүүддээ баярлалаа, надад дахин итгэл хүлээлгэсэн сонгогч олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд цаг заваа үл хайрлан, сэтгэл гарган ажилсан нийт ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууддаа их баярлалаа. Сонгуульд идэвхитэй ажилсан бүх байгууллага, нам, олон нийтийн хөдөлгөөн, иргэдэд гүн талархалаа илэрхийлж байна. Эх орноосоо алсад суугаа ч иргэнийхээ эрхийг эдлэж саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Сонгох эрхээ анх удаа бүрэн дүүрэн ашиглаж сонгуульдаа идэвхитэй оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ онцгойлон баяр хүргье. Шудрагаар иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган сонгуулийн бүх шатны байгууллагад ажилсан төрийн түшээддээ гүн талархал илэрхийлье.

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Нацагийн Удвал нарт баяр хүргэж цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. Сонгуулийн үеэр гарсан сайн санаа, хөтөлбөр бүрийг ажил хэрэг болгохыг би чухалчилах болно. Намайг дэмжсэн иргэдийнхээ итгэлийг би дааж ажиллах болно. Мөн надад итгээгүй бас эргэлзсэн иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө би хичээн зүтгэнэ. Төрийн эрхэм түшээдээ та бидэнд монголын ард түмэн их итгэл найдвар урам зориг өглөө. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Монголын ард түмэнд нэг л эрх ашиг бий. Тэр эрх ашигийг гүйцэлдүүл зүтгэл ч нэгдмэл байх учиртай. Манай иргэд эрхээ эдлэж  сайн сайхан амьдрах ёстой. МУ олсон ололтоо бататгаж, илүү хурдтай хөгжих цаг үе ирсэн. Монголын нэр олон улсад улам сайнаар дуурсах боломжтой. Энэ бүхнийг хичээнгүйлэн гүйцэтгэх эрхэм үүрэг төрд ажиллаж байгаа төрийн түшээ нэг бүрт ноогдож байгаа юм. Төрийн түшээ хүн бол өөрийн жаргалыг умартаж, бусдын зовлонг дааж зүтгэх учиртай. Би юунд хүрэх вэ гэхээсээ илүү улс маань юунд хүрэх ёстойг хатамжилан бодож ажиллах учиртай. Би 23 жилийн өмнө энэ талбай дээр цэрэг шинелээ тайлаад хувьсгалд оролцсон. Монгол улсын иргэдийн эрх тэдний гарт очиж байж л баталгаажна.

Манай орны иргэн бүр эрхээ бодиттой, баталгаатай эдлэж чадсан цагт л монгол айл бүрийн амьдрал тэр иргэний эрхээр, гараар санаачилгаар дамжиж өөдлөн дэвжих болно. Монголд өрнөж эхэлсэн их бүтээн байгуулалтын хувьсгал ч амжилтанд хүрэх болно. Мөн Монгол Улс иргэнээ дээдэлсэн хуулийн засаглалтай орон болж чадна. Энэ нь Монгол Улсын бие даасан аюулгүй нээлттэй байдлыг баталгаажуулна. Би МУ-ын Ерөнхийлөгчийн хувьд энэ их үйлсийг манлайлан зүтгэх болно. Эрхэм хүндэт ард иргэдээ ирэх хоёр жил манай оронд улсын хэмжээний сонгуульгүй жил болно. Ирэх нэг жил бол ирээдүйн арван жилтэй тэнцэх ач холбогдолтой юм. Иймээс бид том зорилт тавьж шахуу ажиллахаар шийдсэн. Байгальд ээлтэй хямд эрчим хүчээр улсаа хангах зорилтыг бид хэрэгжүүлнэ. Монгол Улс өөрийн гэсэн галтай, шатхуунтай болно. Ачаагаа дааж ядсан “өвгөн” төмөр замаа бид шинчилнэ. Шинээр төмөр зам барина. Бүх аймаг засмал замаар нийслэлтэйгээ холбогдоно. Гэр хороололд дахин төлөвлөлт, их бүтээн байгуулалт өрнөнө. Нийслэлд хурданы зам, метро баригдаж, орон нутагт баг, сумын төвүүд шинэчлэгдэж монголд шинэ хотууд босно. Шинэ үйлдвэр, аж ахуй нэгжүүд олноор нэмэгдэнэ. Манай иргэдийн баялаг бүтээхэд оролцох хувь оролцоо ч нэмж баталгаажна. 

Бид иргэн бүрийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өргөн харж шийдвэрлэнэ. Монгол Улсын иргэнд төрхөөс авахуулаад ахмад насанд хүрч, жаргах амьдрах тэр мөчлөг бүрт нь шаардлагатай дэмжилэгийг төрөөс үзүүлж чаддаг болно. Монголын төр хүүхдүүдээ, ээжүүдээ, залуус оюутан, залуу гэр бүлээ, ахмадуудаа болон дэмжилэг шаардлагатай иргэдээ дэмжих оновчтой хаягалсан бодлоготой болно. Төрийн алба, Зэвсэгт хүчин, цэрэгжсан болон хууль хяналтын байгууллагад ажилдаг иргэдийнхээ нийгмийн асуудалд онугой анхаарна. Боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжил, дэд бүтэж шинэ технологи, үйлдвэр бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг тодорхой бодлогоор дэмжинэ. Бүтээлч үр ашигтай шинэчлэл өөрчлөлтийг түүчээлэн дэмжинэ. Талцал хуваагдлыг бус хийж бүтээхийг эрхмэлнэ. Баялаг бүтээгчдийг бүх боломжоороо дэмжинэ. Энэ бол амлалт биш. Энэ бол бидний хийх ажил. Энэ ажлыг тасалдуулах эрх хэнд ч байх ёсгүй.

Би монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашигийг эхсэг бүлгийн эрх ашигаас  ямагт дээгүүр тавьж ажиллах болно. Эрхэм нөхдөө би улс орондоо хуулийн засаглал, шудрага ёс, эв нэгдэл, тогтвортой нээлттэй байдлыг хангахын тулд хичээнгүйлэн зүтгэх болно. Би шийдвэр гаргах танхимд цөөн эсвэл түүний гадуур байгаа хэсгийн эрх ашигийг хамгаалж, төлөөлж ажиллана. Би ядарч зүдэрч яваа иргэдээ онцгой анхаарна. Таны дуу хоолой санал санаачилгыг төрд түмний анхааралд оруулахад дэмжлэг үзүүлнэ. Би Монгол Улсын иргэдээ баян, ядуу, нам, улс төр, угсаа гарал, газар орон үл ялгаварлан жигд төлөөлөн ажиллана. Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргсэн нийт хүмүүсд гүн талархал илэрхийлье. Монгол Улс урьдын адил бүс нутаг, олон улсын хэмжээнд нээлттэй, идэвхитэй, санаачлагатай ажиллах болно. Ялангуяа хөрш орнуудтайгаа дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх гээд тулгамдаж байгаа асуудлуудыг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарна. Монгол Улс дэлхийн олон улс оронд, олон улсын байгууллагуудтай урьдын бүтээлч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Мөн манай улсын хөгжил дэвшлийн эрх ашигт нийцсэн хариуцлагатай нээлттэй, хууль дээдэлдэг хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллана.

Эрхэм монголчуудаа, анд нөхдөө, өнөөдөр монгол газар шороон дээр хоёр сая 900 дах иргэн мэндлэж байна. Маргааш өглөөг хоёр сая 900 мянган сэрж угтах болно. Ерөөлөөр монголчууд улам олуулаа болж байна. Монголчууд хүн нэмэгдэхэд баярлаж тосдог уламжлалтай. Хүний орчлонд дөнгөж мэндлэж байгаа монголын охид хөвгүүд агаар тунгалаг гэр нь амгалан, нийгэм нь шудрага, улс нь хөгжилтэй, хүн ард нь аз жаргалтай, эрх чөлөөтэй оронд өсөж бойжих бүрэн эрхтэй. Өнөөдөр төрж буй охид, хөвгүүдээ хөл нь дөрөөнд гар ганзаганд хүрэхэд өнөөгийн аав ээж, өвөө эмээ, ах эгч нь та бид хийсэн ажилтай, сүүн мөртэй, хөтлөж гарсан морио хойч үедээ унауулаад үдэх ерөөлтэй амьдрах учиртай. Та бид нэгэн үед амьдарч, нэгэн үед бүтээж, нэгэн үйлсийн төлөө зүтгэж яваа азтай, одтой зам нийлсэн хүмүүс. Хөтлөж гарсан ачаагаа хүрэх газар нь бүрэн хүргэж өгнө. Өмнөө байгаа сорилтыг давж, боломжийг ашиглан улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамдаа зүтгэцгээе! 

Хурай хурай хурай!

0 件のコメント:

コメントを投稿