2012年12月18日火曜日

Тал нутагт нуруу амсхийлгэсэн өнтэй өвөл болж байна

2012-12-18 15:30:20 - Орон нутаг
 -МАЛЧИН Ж.ХҮРЭЛБААТАРТАЙ ХӨӨРӨЛДӨЖ ХОНОСОН ТЭМДЭГЛЭЛ-
Чингэс хааны адууны нутаг хэмээх Малхын талд цантсан өвс бөхөл­зөж, зам дагуу ганц нэг том шувуу явуулын хүн аятай сууцгаана. Нүдэнд торох бараагүй шаргал өвс халиурсан тал дун­дуур явсаар нэгэн айлын гадаа ирэхэд шар халтар нохой ууртай гэгч нь тос­лоо. Машины дуунаар гэрээс хүн гарч ирэнгүүт шар халтар нохой "За миний ажил дууслаа"  гэх аятай хэвтэр рүүгээ эргэх аж.
Хэрлэнтооно уулаас  баруун тийш, отрын ну­таг Хэрлэнбаян-Улаан уулын зүүн урд, Малхын талын шувтарга, Цахиурт овооны энгэрт өвөлжиж буй айл бол малчин Ж.Хү­рэлбаатарынх юм байна.  Эднийх Говьсүм­бэр аймгийн Сүмбэр су­мын зургадугаар багт харьяалагддаг юм билээ. Хамт явсан хүмүүс маань "Өдрийн сонины сэтгүүлч энэ хүн хүнд хүйтэн өвөл­жилтийг малчид хэрхэн давж байгааг сур­вал­жил­на" хэмээн танилцуул­лаа.
Найз маань албархуу үгээр сүртэй  танил­цуул­санд ичингүйрч байтал  гэрийн эзэн "Өө ашгүй. Хүн бүлгүй хэцүү байсан юм. Энэ хүүгээр чинь хот хороо цэвэрлүүлнэ" гэ­лээ. Эднийх хот хүрээ газраас алсдуу болоод ч тэр үү, хүн амьтан ирэхэд баярладаг бололтой. Ин­гэ­ний хоормог аягалж, өрөм ааруул өрж, хонины мах чанан "Идэж уу" хэ­мээн шахаж гарлаа. Хэр­вээ идэж уухгүй бол гэ­рийн эзэд гомдох янз­тай. 
Ирсэн гийчдийг үнэ төлбөргүй идүүлж уулган "эдийн засгийн алдагдал" хүлээхдээ хүртэл баяр­ла­даг монгол ёсыг япончууд лав гайхах бай­сан биз. Намайг хүргэж ирсэн найзууд ха­на­тал идэж ууж аваад хөдөллөө. Эднийх өвөл­жөөн­дөө буусан боло­хоор цаанаа л налгар тайван байна. Ингээд Хүрлээ ахаас яриа өдлөө. "Энэ жил их хүйтэн болох нь дээ" гэхэд тэрээр "Сая­хан орсон цас хөлөрсөн байна лээ. Их сайхан дулаахан жил" гэлээ.
"Зарим нэг аймагт зуд болж байна гэх юм" гэхэд Хүрлээ ах "Зуд турхан гэдэг малчин хүний ажлыг шалгадаг юм. Манай энд лав зуд болохгүй" гэлээ. Ерөөсөө мань эрд болох­гүй, бүтэхгүй гэсэн үг хэлэх дургүй нь илт. Төмөр пий­шинд хуурай хөрзөн чих­сэн болохоор халуун гэж жигтэйхэн. Гэрийн тоононы шил авсан ч сэрүүцэх янзгүй. Ингээд гэрээс гар­лаа.
Үхэр, хонины саравч­ныхаа онгорхойг нойтон баасаар шавж, салхитай талыг нь эсгийгээр бүр­жээ. Тийм учраас хонины хороо хөлдөнө гэсэн ойл­голт байхгүй. Малчид хэзээнээсээ "Дунд идэш, дулаан хэвтэр" гэж ярьдаг болохоор хороо хотоо сайн бөөцийлдөг нь илт. Эднийх гурван зуу гаруй боодол өвс бэлдээд ху­раа­чихсан байна. Өнгөр­сөн жил нэг ч боодол өв­сөнд гар хүрээгүй өнтэй жилийг давсан гэнэ.

МАЛ МАЛЛАХАА ХҮРТЭЛ ӨВӨГ ДЭЭДСИЙН БУЯН ХИШИГ ГЭЖ БОДОХ МАЛЧИН
Хавар, зундаа хөрзөн ховхолж хатаасан боло­хоор түлээ түлшээр зовох зүйлгүй. Гурван жил ч түлээд дуусахгүй хөрзөн, аргалтай. Гэсэн хэдий энэ жил дахиад л хөрзөн, аргалаа овоолсон уч­раас нэмэгдэнэ. "Дэлэнт мал дээшээ, уутад уруу­гаа" гэдэгчилэн малын буян, үр өгөөж үргэлж дээшээ байдаг юм билээ. Ж.Хүрэлбаатарын гэргий Оюун ажилсаг нэгэн аж. Хийсэн идээ ундаа, цэ­вэр­лэсэн саравч хороо­ноос нь харж болно. Түү­нээс би"Өглөө болгон нэг л хэвийн ажил хийхээс залхаж уйддаг уу" гэлээ.
Тэрээр "Мал буянаа хариулж маллахдаа уйд­даг хүн гэж байхгүй. Энэ миний ажил жаргал шүү дээ" гэлээ. Ц.Чимэддорж найрагчийн "Хот мал дэ­лэн­дэж хорвоог барна гэж гутардаггүй, Ховор бараа дагуулсан баярын бичигт хөөрдөггүй" гэсэн шүл­гийн мөр бодогдоод яв­чих­лаа. Хотын олон залуу­саас "Энэ ажлаас залхаад байна, дургүй хүрчихлээ" гэдэг үгийг сонсож байсан.
Гэтэл дөч тавин жил эзгүй хээр талд хонь мал­тай хөөцөлдөж яваагаа "Их хувь заяа, аз жаргал" гэх энэ малчдын бодол, хотын залуусын хооронд ойлголтын зөрүү их бай­гаа юм. Өвлийн улиралд малчин хүний нуруу тэ­нийж жаргадаг. Тийм уч­раас гэрийн эзэн Ж.Хү­рэлбаатарт хийгээд байх ажил үгүй. Эднийх есөн  зуу гаруй мал тоолуулсан юм билээ. Жилдээ 200-300 орчим мал тогтмол нядалж зарна. Тэр мөнгө банкинд хийчихдэг гэж байгаа. Эднийх хэдэн жилийнхээ хэрэгцээг хан­гачих­сан болов уу гэж санагдана.

ГАДНАА МАШИНТАЙ, БАНКИНДАА МӨНГӨТЭЙ МАЛЧИН
Гэрийнх нь гадна том жижиг хоёр машин, нэг мотоцикль байна. Пор­тер машинаа бол ачла­гын тэмээ гэж нэрлэдэг юм билээ. Тэмээний хий­дэг байсан бүх л ачааг портер машин аваад удаж байгаа аж. Аймаг сум, найр наадамд жижиг суудлын тэргээ унана. Отор нүүдэл хийхээр бол вагончикондоо ачаад нүү­чихдэг аж. Ойрын үед авна гэсэн төлөвлөсөн зүйл үгүй бололтой.
Гэрийн эзэн "Хэд хоногийн өмнө малын арьс ширээ төв оруулж борлуулсан. Яахав буянт малын минь хишиг сая төгрөг боллоо.  Дор нь банкинд хийчихлээ" гэж ярих. Дөрвөн хүүхэдтэй хүн аж. Бүгд гэр бүл бо­лоод хот хүрээ бараадсан юм билээ. Харин бага хүүгээ дуудаж ирээд мал­чин болгох гэж байгаа аж. Ийнхүү элдвийг хөөрөл­дөн гэрийн эзэн бид хоёр ингэний хоормог уусан шиг, хөзөр тоглон цагийг нөгцөөнө.
Нар доошлох алдад хонь хотолж, Х.Жүг­дэр­дэмид орж ирлээ. Төмөр замын засварын депод 12 жил ажилласан нэгэн аж. Яах аргагүй төв газ­рын залуу юм. Хонины бэлчээр дээр ном уншиж, хонины морио цанттал замд тааралдсан үнэг хөөсөн гэж ярилаа. Хөдөө ирээд хотын шуугиант амьдрал, интернэт, нөөт­бүкээ санаж байгаа гэдгээ ярьж байв. Харин аав ээж нь хоттой хонь дотор түүний амьдрал, аз жар­гал, баяр хөөр байгааг ойлгуулах гэж үзэж тарж байна.
Миний бие гэрийн эз­ний үгийг дэмжин "Хоньчин баатар Нам­хай­нямбуу "Хөдөл­мө­рийн баатрын алтан соёмбо хоттой хонинд дотор байсан гэж билээ" гэхэд аав ээж хоёр нь ихэд дэмжиж байгаа юм. Х.Жүгдэрдэмид морь уях сонирхолтой аж. Тийм учраас аав хүү хоёр морь тэжээж өвлийн "Дүн­жин­гарав" уралдаанд орол­цох тухай ярих аж. Гэ­рийн эзэн Ж.Хүрэл­баа­тар аймгийн алдарт уяач цолтой. Ойр хавийн­хаа хэдэн сумын наад­мыг түүчихдэг нэгэн юм.

ХУРДАН ХУЛ АЗАРГА НЬ ТАВАН АЛТАН МЕДАЛЬТАЙ БАЙЖЭЭ
"Хол явж барилдаагүй сумын заан, хот орж зо­дог­лоогүй сумын заан" гэдэг шиг сумынхаа наад­мыг гадныханд тавиад туучихгүй хурдан хурц хүлэг морьдтой аж. Харин хурдан хул азаргатай адуугаа алдаад сэтгэл гундуу байгаа нь илт. Нэг хоёр юм "тонгойлгох" явц­даа хул азаргаа ярин ну­лим­саа залгин дуугүй болсон юм. Түүний хул азар­га таван алтан медальтай гайхам хур­дан хүлэг байсан гэнэ.
Аймгийн алдарт уяач Ж.Хүрэлбаатар хурдан хул азарга идэрхэн бай­хад Хэнтий аймгийн Цэн­хэрмандал сумын 80 жилийн наадамд очсон байна. Таних мэдэх ч хүнгүй байсан учраас зайдуухан майхнаа ба­рин буусан аж. Тэгээд өглөө бостол авч явсан нэг үрээ нь шороо идээд гэдсээ түнтийлгэчихсэн байсан гэнэ. Харин хул соёолон нь өнгөтэй гэж жигтэйхэн.
Маргааш өглөө нь со­ёо­лонгоо мордуулчихаад овоон дээр суугаад ду­ран­даж гарчээ. Эхний соёолонгууд нь гараад ирлээ. Тоолоод байтал хул соёолон нь ам татаас­тай 13 дээр гарч иржээ. Яг тэр чигээрээ явсаар бариа руу орох янзтай. Ж.Хүрэлбаатар уяач "За яахав. Хүүхэд, морь мэнд арав дотор орох нь дээ" гэж бодож суусан аж. Тэ­гээд морьд нэг хотгор руу орох үед хул соёо­лон­гийнх нь хүүхэд урам өгөөд (Гийнгоолоод та­шуурд­сан аж) явууллаа гэнэ шүү. Урьд өдөр нь унаач хүүдээ "Энэ хот­гороос эхлэн тавиарай" гэж захисан юмсанж.
Тэгтэл хул соёо­лон­гийн дөрвөн туурай ярал­заж өмнө явсан найм есөн морьдтой мэндлээд өнгөр­чээ. Харин эхний таван соёолон тасарч зугтаагаад хоёр зуу гаруй метр холдчихсон. Хул соёолон урам өгөх бол­гонд яралзуулж юу юугүй эхний таван соёо­лон дээр тохоод ирсэн байна. Ерөнхийдөө бол туулаад явчих шинжтэй байсан тул майхан руу давхин очиж "Хүүе цаана сүйд боллоо. Түрүүл­дэг­гүй юмаа гэхэд айрагдчих шиг боллоо" гээд хусуураа аваад морь барианы га­зар руу давхисан байна.
Араас нь Оюун эгч "Хүүе наад дээлээ соль" гээд хувцсыг нь барин гүйж явсан гэх. Тэр хоёр чимээгүйхэн болж "Тэр үед одоогийнх бодвол залуу байж дээ. Би дээ­лийг нь аваад араас гүйгээд оччихсон байсан" гэж гу­ниг, баяр хослуулан ярихыг сонсох нь ээ "Тү­рүү морьдын бараанаар нутгийн өвгөд түрийндээ галтай мордох" гэсэн шүл­гийн мөр санаанд буух юм. Энэ уяачийн хүсэл сонирхол хул азаргаа алд­санаас хойш буурсан бо­лов уу гэж бодогдож бай­лаа. Хөдөөнийхөн чинь "Цаанаасаа л болохгүй гээд байгаа юм байлгүй" гээд морь малаа уяхаа болих тийм л хүлээцтэй, тайван улс даа.

ЭЦЭГ МАЛД ОНЦГОЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ  УЧИР ШАЛТГААН
Ж.Хүрэлбаатарынх нар жаргаагүй байхад хонио хотлуулдаг юм бай­на. Өглөөдөө нар хөөрсөн үед бэлчээдэг гэх юм. "Өвлийн мал таваас зургаан цаг идэхэд болно" гэж байна. Ерөн­хийдөө бол мал даарна гэдэг турж эцэхийн шинж гэж үздэг бололтой. Тийм учраас хот хөлдөхөөс өмнө хотлуулж нар дээр хөөрсөн үед бэлчээдэг гэнэ. Эднийх олон хуц ухнатай. Бүгд тэжээл ид­дэг болохоор хүний ба­раа­наар гүйгээд ирэх аж. Эвэр нь сэрийсэн хуц ухнууд давхиж ирээд мань мэт мөргөх нь гэж айгаад гэр рүү шургах.
Бүгд уяа морьд шиг ууттай хивэг хошуундаа углаж аваад цаашаа эр­гээд явчихаж байна лээ. Хурга, ишиг гэхээсээ илүү хуц, ухна, азарга, бухаа тэжээдэг юм билээ. На­мар цагт эцэг мал  үнэн сэт­гэлээсээ "хариуц­ла­гатай ажил­ласан"  учраас ийнхүү тэжээж тэтгүүлж байгаа хэрэг. Нөгөө­тэй­гүүр цог зол­боотой, тарга тэвээрэгтэй "аавуудаас" жилбэтэй төл гарна гэсэн ойлголт байдаг юм гэсэн. Гэрийн гадаа гарахад од бүрэн утгаараа гэрэлтэж, тэнгэрийн заадал гүүн зэл мэт сунайх аж.
Өглөө эрт гэрийн эзэн Ж.Хүрэлбаатар  мото­циклио асаан адуундаа яваад ирлээ.  Нарны өм­нөх жавар сөрөн мото­циклиор адуунд явна гэдэг осгож үхмээр ажил. Мань мэтийн бол хоёр нүднээс нулимс асгарч хэдхэн минутын дотор осгох шинжтэй юм билээ. Малчин Ж.Хүрэлбаатар "Энэ жил дулаахан жил юм. Нэг сараас л үстэй дээл өмсгөх байх" хэмээн ярих нь гайхам.
Өглөөний цайгаа уусны дараа хонь ямаагаа гаргалаа. Үхрээ ч бэлчээв. Х.Жүгдэрдэмид өөрийн хамгийн дургүй ажил болох үх­рийн­хээ хүйдсийг арилгаж байгаа юм.  Хэдэн жилийн өмнө бол адсага дээр хүйдэс тавиад чирдэг байв. Өдгөө бол хөнгөн тэрэг, төмөр савартай болж технологийн дэв­шил гарсан гэлтэй. Гэрийн эзэн бид хоёр ханатал цайлж аваад  саахалт айлынхаар хэсэхээр гарлаа. Саа­халт айлууд  2-3 км зайтай  байдаг. Олон малтай айлууд бэлчээр, худгаа бодоод ганц гэрээрээ бай­даг болжээ. Зам дагуу орсон буур­тай тааралдлаа. Үнэхээр сүрлэг болоод бахдам амьтан.
Мотоцикльтой хүний бараа­наар хүзүүгээ сунган гүйж ирэхэд бушуухан эргэлээ. Нэлээд ааштай, догшин буур бололтой. Бурантгийг нь сул унжуулаад тавьжээ. Хүн рүү дайрсан тохиолдолд  буран­таг­наас нь угзарч зогсоох хэрэг гарна. Ингэний борвийг хэмлэн орилуу­лан хэвтүүлэх  энэхүү буур түрэм­гий болоод омог төгөлдөр амьтан юм. Бид хоёр орсон буур харж явсаар Увс аймгийн Завхан сумын малчин Ерөөлтийнхөөр буулаа.

ОТОРЧИД НУТГИЙН АХМАД МАЛЧНЫД ИРДЭГ
Гэрт гэрийн эзэн, эхнэр хүүх­дийн хамт байна. Хөвөнтэй дээл­тэй хэрнээ хөлс цутгах Ерөөлт яах аргагүй өлчир хүн юм. Гэрийн гадаа жавар тачигнаж байхад дөрөвтэй болов уу гэмээр хүү дан тэрлэгтэй, чих нь улайчихсан гүйж явна. Эднийх 60 гаруй тэмээтэй. Нэг тэмээ л гэхэд сая төгрөгийн үнэ хүрнэ. Гэрийнх нь гадаа 60 сая төгрөг зогсож байна гэхэд болно. Хэдэн жилийн өмнө Ерөөлт бэл­чээр ус хөөн явсаар Говьсүмбэр аймагт иржээ. Ерөөлтийнх арав гаруй ингэ саадаг аж. Ингэний сүү өтгөн гэж жигтэйхэн. Голдуу хоор­мог болгож уудаг ч зардаг ч гэнэ.
Нэг ингэ таван зуун грамм ор­чим сүү гаргадаг бөгөөд гүү шиг ойр ойрхон саагаад байх болол­цоотой юм билээ. Ерөөлт тэмээгээ өсгөх, сайн ингэ худалдан авах тухай ярьж байна. "Хүргэн хүү" кинон дээр Жамц баян "Цаад нэгдлийнхэн чинь мөнгөтэйдэг шүү" гэдэг шиг малчид мөнгөтэй болжээ. Түүхий эдээс гадна ноос ноолуурын урам­шуу­лал гээд тун дажгүй мөнгө төрөөс авчихдаг бололтой.
Ерөөлт л гэхэд ноосны урам­шуулал гэж 800 мянган төгрөг авсан тухайгаа ярьж байна. Мань эр нэг цагаан тэмээгээ алдаад арав гаруй хонож байгаа гэнэ. Хэрвээ хот газарт ажилладаг хүн сая төгрөгөө алдчихсан бол эрээд сүйд болох байсан биз. Гаднаас нүүж ирэхэд нутгийн малчид таагүй ханддаг. Бэлчээр, худгаа харамлана. Отор нүүдлээр ирж буй малчид хашир туршлагатай, нэр нөлөө бүхий Ж.Хүрэлбаатар мэтийн ахма­дуу­дыг бараадаж бууна.
Энэ ч утгаараа Ерөөлт Ж.Хүрэл­баатарыг бараадан явдаг бололтой. Харин отрын малчид бэлчээр ус, саравч, аргал түлшийг нь хэрэглэж байгаад шөнөдөө нүү­гээд явчихдаг жудаггүй явдлын талаар ч ярилаа.  Цаг хатуураад ирвэл Дундговь, Дорноговь айм­гийн малчид адууны нутаг хэмээх Малхын талд оторлоно. Оторчид голдуу Ж.Хүрэлбаатарынд өвөл­жиж аваад явдаг гэнэ. Гэрт нь хүн багтахгүй болтлоо олон малчид цугларч урин цагийг хүлээдэг аж.
Тэр олон хүний хоол ундад Ж.Хүрэлбаатар мэтийн нутгийн айлууд хотойхгүй. "Хэдэн мал идэш уушинд хэрэглэдэг вэ" гэхэд "Энэ малыг өсгөж үржүүлж байгаа юм хангалттай хүнс бэлтгэдэг" гэж байна. Ингээд бид хоёр цаг агаар, нутаг орны байдлын талаар ярьж байгаад гэр рүүгээ буцлаа. Хурган дотортой малгай сөхөж өмссөн Ж.Хүрэлбаатар байсхийгээд "Дүү хүү даараагүй биз" гэж асууна. Түүний араас тэврэн нуруунд нь нүүрээ наасан хэдий ч өвлийн жавар хамар, ам, чих аваад явчих дөхнө. Эрүү ам зуурч, нулимс асгарах хэдий ч "Зүгээр" хэмээн нэрэлхэж явлаа. Энэ малчид яаж ингэж мотоцикльтой малд явдаг байна. 

"ЭНГЭРЭЭРЭЭ ДҮҮРЭН" ОДОН МЕДАЛЬТАЙ ХУЦ, УХНУУД
Ж.Хүрэлбаатар аймгийнхаа сайн малчин. Нутгийн иргэд эдний малаас хуц ухна, бухаа авна. Мань эр сайхан малд дуртай хүн юм. Сүхбаатар, Увс аймгийн нутгаас хүртэл ишиг, хурга  дүүрч ирсэн гэдэг.  Ингэж хичээл зүтгэл гаргасны хүчинд нутаг орондоо гайхагдсан бух, буур, хуц, ухнатай болжээ. Тэрээр хуц ухнаа аваад энд тэнд­хийн үзэсгэлэн, яармаг худалдаанд очиж орно. Үзэсгэлэн яармаг бол­гонд өөрийн мөнгө хөрөнгөөр малаа аваад очдог.
Ж.Хүрэлбаатар үзэсгэлэн яар­магт очих болгондоо түрүүлнэ. Өөрийн өсгөсөн сайхан малаа бусдад харуулна гэдэг малчин хүний жаргал  бололтой. Харин Х.Жүгдэрдэмид "Тэр үзэсгэлэн яармагт энэ хэдэн хуц ухныг нь авч явах гэж тамаа иддэг юм. Дийл­дэхгүй шүү дээ" гэж ярилаа. Мань эр хуц ухна, бух хөтлөн чирэгдэж явдаг болохоор үзэсгэлэн яармагт очих дургүй бололтой. 2005 оноос хойш Хүрэлбаатарын хуц ухна, бух олон үзэсгэлэн яармагаас олон алтан медаль, өргөмжлөл авчээ.
Ж.Хүрэлбаатар наймаа арил­жаа ч хийх дуртай. Арван хоёр адуугаар жороо хээр авч галгиулж явсан түүхтэй юм билээ. Сайхан морь үнэ хаяж аваад  харьж явах урамтай байдаг гэж ярилаа. Алдарт Тожил дарханы хийцийн мөнгөн тоногтой эмээл, хазаар гэрт нь бий. Саяхан их гарын эмээлээ том хүүдээ өгсөн гэж ярилаа. Эднийх цөөхөн тэмээ­тэй. Мань эр урт хөлийн амьтан тэмээгээ маллаж дийлэхгүй нь гээд хоёр жилийн өмнө 30 гаруй тэмээ­гээ хямдхан зарж банкинд хийгээд авчээ.

ТУСЛАХ МАЛЧИН ГЭЖ ТУСГҮЙ НӨХДҮҮД Ч БАЙДАГ
Харин энэ жил хүүгээ хөдөө гарсан болохоор тэмээ авах та­лаар бодож байгаа гэнэ. Эднийх уг нь туслах малчин авч амьдрал ахуйг нь дээшлүүлж байсан аж. Өвлийнх нь идшийг даагаад са­рын 250 мянган төгрөг өгье гэхэд туслах малчин олддоггүй байх юм. Зарим нэг туслах малчин тус боло­хоосоо ус болох нь элбэг аж. Өнгөрсөн жил Ж.Хүрэлбаатар нэг туслах малчин авсан гэнэ. Тэр малчин нь өглөө хонинд явахдаа халуун савтай цай, хоол унд, дороо дэвсэх дээл аваад  явдаг байж.
Хээр очоод цай хоолоо идэж аваад хонио хэвтүүлчихээд унтаад өгдөг нөхөр байж. Хонь мал усла­хыг "Тэвчишгүй хөдөлмөр", ямаа самнахыг "ядаргаанд оруулах ажил"  гэж үзээд хийхгүй. Харин хээр очоод ямаа самнан, архи авч уудаг байсныг нь Хүрэлбаатар мэдээд Чойрт хүргэж өгсөн гэдэг. Ж.Хүрэлбаатар "Энэ залуус аж­лаас их айх юм. Би ажил хөдөл­мөрийг жаргал гэж бодож явсан. Адуу мал услах, хашаа хороо цэвэрлэх хүртэл сайхан шүү дээ. Хүйтэн нойтон хороонд хонь малаа хашчихаад өөрсдөө дулаан хөн­жилд хэвтэж болохгүй. Малыг хайр­лах, өрөвдөх тусам өсөөд байдаг" гэж ярилаа.
Эднийх тийм ч их малтай бай­сан­гүй. 1991 онд 18 толгой малтай хөдөө гарч байсан байх юм. Гэтэл одоо 800 толгой малтай. Хуц ухнаа их орой тавьдаг айл гэнэ. Таван сард хурга ишгээ бэлчээрт төл­лүүлж хөрвийн аргаар өсгөдөг юм билээ. Зундаа Хэрлэн голын хө­вөөнд жарган суудаг гэж байна. Үнэндээ энэ хоёр хот хүрээ газарт дургүй гэж жигтэйхэн. "Тэр муухай утаанд хоолой хорсоод хурдан харихыг хүсдэг. Тэгээд ч хэдэн мал, цэвэр агаараа саначихдаг" гэж  байна. Хөдөөний цэнгэг агаар гэж шал өөр юм. Хүйтэн агаар хэд залгилаад орхингуут хамар ам хөөлүүлсэн яндан мэт онгойгоод ирж байна. Цэвэр агаар, өргөн уудам тал нутагт татагдахгүй бай­хын аргагүй сайхан.


Хаашаа л харна хэ­дэн мал, хөгшид эмгэд байдаг болохоор залуус уйддаг бололтой.  Тэгээд хот руу явцгаан "Барс", "Нарантуул" зах дээр тэрэг түрж, ногоо үүрч залхаад хөдөө рүүгээ  буц­на. Эсвэл хэдэн ма­лаа зарж хоосроод айлын мал хөлсөөр хар­даг хүн болдог байх юм. Ямар сайндаа "Дээлээ даахуйц болсныг нь сур­гууль аваад явчихдаг, дээврээ даахуйц болсныг нь цэрэг татаад явчихдаг дэгжин шаавай охидыг нь хот уургалаад явчихдаг, дээр үеийн малчдыг нь диваажинд залаад яв­чих­даг" гэж шүлэглэж байх вэ дээ.

ХОТЫН ЗАЛУУС ХӨДӨӨД ДУРЛАХ БОЛЖЭЭ
Харин хөдөөд дурла­даг шинэ залуу үе гарч ирж байгаа байна. Айм­гийн алдарт уяач, сайн малчин Ж.Хүрэлбаа­та­рынд жиптэй залуу дав­хиад ирлээ. Энэ залууг О.Одон­жаргал гэдэг. Улаан­баатар хотын Хай­лаастын гудамжинд бага насаа үдсэн нэгэн аж. Зуныхаа амрал­таар Говь­сүмбэр аймгийн Сүмбэр суманд нутаглах өвөө­гийндөө ирж тугал ишиг­ний араас гүйдэг байж. 
Өвөөгийнх нь 18 толгой л мал­тай байсан юм байх. О.Одонжаргал  энэ үеэс л малд дуртай, хөдөөд дуртай хүн болжээ. Хүүг малд дуртай болох замыг өвөө эмээ хоёр нь сэтгэлд нь суулгаж орхисон бололтой. Харин хүүгийн аав ээж  түүнийг эрдэм номтой хотын хүн болгохыг боддог байв. О.Одонжар­галын аав л гэхэд доктор, профес­сор А.Очир юм. Өнгөрсөн зун Архангай аймгийн Хотонт сумаас Уйгарын язгууртны бунханд малт­лага хийж дэлхийд шуугиан тарьсан эрдэмтэн шүү дээ.
1991 онд О.Одонжаргал арав­дугаар ангиа төгсөөд хөдөө явна гэсэн аж. Харин аав, ээж нь сур­гууль соёлд орж эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй гэж ятгажээ. Түүнд МУИС-ийн олон улсын харилцаа­наас эхлээд бүх л сургуульд сурах боломж байв. Харин түүний сэтгэл зүрхийг уудам тал нутаг, хүлэг морьд соронзон мэт татсаар. Аав, ээж нь хотод үлдээхийн тулд машин хүртэл авч өгөх юм болов.
Мань хүү "Эмээгээ эргээд ирье" гэх нэрээр  замын унаанд суугаад Говьсүмбэр аймаг руу яваад эргэж хот орсонгүй. Малхын уудам талд малчин болохоор шийдэв. Тал нутагт адуу малтай хөөцөлдөж явтал цэргийн зарлан дуудах хуу­дас иржээ. Цэргийн албаа хаагаад иртэл  аав ээжий нь "Хотод суу" гэж ээлжит ятгалтаа эрчимжүүлсэн байна. "Хөгшин хүн үхэхээрээ хүүхэд уйлахаараа" гэдэг шиг эмээ, О.Одонжаргал хоёрын тэсвэртэй байдлыг аав ээж нь эвдэж чадсангүй.
Ингээд О.Одонжаргал хүү тал нутагт малаа өсгөж, эхнэр хүүхэд­тэй хачин сайхан амьдарч байна. 18 толгой мал хэдэн зуу дахин өссөн байгаа юм. Эднийх таван хошуу малтай. Найман зуун тоо толгойд бариулж жилдээ 200-300 мал борлуулаад байдаг юм билээ. Одоо түүнд машин тэрэг, нэр алдар гээд бүх юм бий. Тэр хүсч мөрөөдөж байсан зүйлээ бүгдийг нь авсан. Гэхдээ адууны салхитай нутагтаа  татагддаг сэтгэл зүрх нь хэвээрээ.  Асрын өмнө хурдан морио цол­луулна гэсэн мөрөөдөл нь янзаа­раа байгаа юм.
Нутаг усандаа эзэн болж яваа эрдэмтэн Очирын хүү Одонжаргал аймгийн алдарт уяач Ж.Хүрэл­баа­тартай үе тэнгийн юм шиг нөхөр­лөнө. Нутгийн ах шигээ хурдан морины панз үсэргэнэ. Өвөлжөө сууцаа хүртэл яаж барихаа асууна. Сургуульд үзсэнээ мартсан ч, нут­гийн өвгөдийнхөө үгийг цээжиндээ судар адил баринтаглаж яваа нэгэн юм.
Араас нь нэхэл дагал болдог аав, ээж нь долоо, найман жилийн өмнө "Биднийг үгнээс зөрж байсан чинь алсыг харсан зөв сонголт хийсэн дээ. Миний хүү" гээд үнссэн гэдэг. Өдгөө мань залуу хотод суугаа аав ээжийнхээ идэш уушийг дөхүүлнэ.  Бас гадны улсаас нутаг усаа харамлах аястай. "Энэ отрын малчид хог шороогоо ч арилгахгүй"  гэсэн юм ярина. Ж.Хүрэлбаатар нутгийн дүү О.Одонжаргалдаа сайн гэж жигтэйхэн. Багийн дарга болгох гэж зүтгэсэн ч О.Одонжаргал халгаах­гүй байгаа аж.
О.Одонжаргал "Миний мах судсанд малд дуртай байх ген өвлөгдөж ирсэн болов уу.  Хотын хүүхэд  гээд хөдөөний ажил амьдралд түүртэж байсангүй. Одоо нас явж байгаа юм байлгүй. Хотын тэр утаа униарт гурав хонолгүй, хэдэн мал, тал нутгаа санах юм. Гоё машин, гар утас, интернэт гэхээсээ илүү сайхан моринд нүд унагадаг хэвээрээ л байна. Таван эр шүдлэн­гээрээ нэг адуу аваад уначихдаг байлаа. Увсын Тэс, Хэнтийн Гал­шар, зүүн хязгаараас ч адуу авсан. Эрлийз адуутай ч болсон" гэлээ.

НАЛГАР ДУЛААН ӨВӨЛ ҮРГЭЛЖ БОЛДОГГҮЙ
Сүмбэр сумын баазын жолооч Ж.Хүрэлбаатар 1990 онд хөдөө гарчээ. Гэргий Оюун нь шүүхийн нарийн бичгээр ажиллаж байсан аж.  Амьдралын эрхээр биш ард­чил­лын буянаар мал буянаа маллах эрхтэй болсон гэнэ. Эцэгтээ чөдрийн морийг нь дөхүүлж тусад орсон Ж.Хүрэлбаатар хэзээ нэгэн цагт хусуур бүсэлж морь уяна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан юм­санж. Бас л 18 толгой малтай эхэлж байсан түүхтэй ч хэдэн мянгаар   тоологдох сүрэгтэй  болсон гэдэг.
Малхын талд дандаа ийм налгар дулаан өвөлтэй байсангүй. 1998 оны өвөл их цас унаж мал онд орох шинжгүй болсон гэдэг. Тэгэн­гүүт адуугаар хунгарласан цас хагалуулж, бог малаа араас нь туун Хэрлэнбаян-Улаан уул руу зүтгэ­жээ. Хүүхдүүд нь бага болохоор хөтлөхийг нь хөтлөөд үүрэхийг үүрээд зүтгэж гарсан байна. Мал­тай­гаа хүнтэйгээ цуг  айлын өвөл­жөөнд хонож явсаар отрын нутагт очжээ.
Дан бүрээстэй жижиг гэр, май­ханд дээлтэйгээ унтаж бог малаа онд оруулахын тулд өдөржин цас ха­галж зүдэрсэн үе бий. Малчин хүн  үргэлж хөрзөн чихсэн пийшин­тэй гэрт зурагт үзээд суудаг гэвэл худлаа болно. Ус багатай худаг шавхаж, нэг ч гэсэн нялх төлөө онд оруулахын тулд нэхий дээлээ хэдэн сараар тайлахгүй явах үе ч гарна.
Яруу найрагч Ц.Чимэддоржийн хэлсэнчлэн "Цасан шуурга хэрж уулстай хамт даарсан, цагийн шуур­га сөрж улстайгаа хамт зүдэр­сэн" үеүд бий. Тэр бүхэн малчин бүрт сургамж, цагийн хатууг онд мэнд давах хичээл болно. Ган гачигтай жил болоход малчны сэтгэл санаа ч гундуу. Мал нь тарган, өвс ургамлын гарц сайн бол сэтгэл санаа өндөр байдаг аж.
Энэ жил сайхан байсан боло­хоор Ж.Хүрэлбаатарын сэтгэл санаа тэнэгэр байгаа юм. Тэрээр "Зуншлага сайхан байлаа. Морины ташаан толгой шүргэм өвс ургасан болохоор цас нэмээд ч  сүртэй дарахгүй. Хамгийн гол дулаан хэвтэр чухал шүү" гэж захиж байна. Эднийх одоо ч гэсэн малаа услана. "Хүйтэн цас малын цангааг олигтой  гаргахгүй" гэж ярилаа.
Малхын талын шувтарга, Цахиурт овооны энгэрт өнтэй өвөл болж байна. Малчид бэлэгтэй үгээ ярилцаж, чоно нохой үргээсэн шиг өдрийг өнгөрөөж буй нь илт. Шинэ жил, цагаан сарынхаа бэлтгэлийг хэдийнэ базаагаад авчээ. Туурайн цастай талд ногттой тором тон­гочиж, хашаа хороонд хонь ямаа мөргөлдөн биеийн чилээг гаргах аж. Цаанаа л нэгэн тайван налгар хэрнээ цаг уурын мэдээг шимтэн сонсох  тал нутгийн малчин Ж.Хүрэл­баатарын гаднаас хөдөлж хотын зүг  давхиж гарлаа.
Хааяа ч гэсэн талын салхи залгилан малчны хотоор буугаад мордох сайхан байдаг. Бидний амьдрал цаг товлосон уулзалтууд, автомашины түгжрэл, хөгжил дэвш­лийн тухай эцэс төгсөлгүй яриан дунд урсан өнгөрдөг аж.  Юунд ч юм бэ нэг л яарсан, бачимдсан хүмүүс  олон. Харин Малхын талд хөгжлийн тухай эцэс төгсгөлгүй яриа, цаг товлосон уулзалтууд байхгүй. Тийм болохоор  малчдаа­раа бахархах, нутаг усаа сангалзах сэтгэл эрхгүй төрөх юм билээ.
Үргэлжлэл бий
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
http://www.medee.mn/main.php?eid=24434 
http://www.medee.mn/main.php?eid=24499
http://www.medee.mn/main.php?eid=24528

0 件のコメント:

コメントを投稿