2014-01-30 08:17:54 - Орон нутаг
Энэ
жилийн хамгийн олон малтай иргэн Архангай аймгийн Их тамир сумын малчин
Ч.Батзоригтой ярилцлаа. Тэднийх 3871 толгой мал тоолуулж улсын сайн
малчин болсон юм.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн жил мал маллаж байна вэ. Ямар мал гол төлөв байна?
-Архангай аймгийн Их тамир сумын уугуул
иргэн. Одоо 40 нас хүрч байна. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Багаасаа л мал маллаж өссөн дөө. Сумынхаа сургуулийг 1990 онд наймдугаар
анги төгссөн. Дунд нь нэг цэрэгт явсан. Тэгээд л ер нь мал маллаад
амьдарч ирлээ. Энэ жил 3800 гаруй толгой мал тоолууллаа. Бог мал нь
түлхүү байна уу даа.
-Ээж ааваас мал тасдаад гарч байв уу. Хэзээ мянгат малчин болсон бэ?
-1996 онд ханьтайгаа гэр бүл болоод аав,
ээжээсээ хэдэн мал тасдаад тусдаа гарч байлаа. 51 толгой малтай гарсан
байх. Арван жилийн дараа 2005 онд мянгат малчин болж байсан. Байгаль
дэлхий сайхан, цаг агаар тогтуун байж мал сүрэг арвин өслөө. Манай
нутагт айхтар зуд болохгүй учраас мал хорогдохгүй өсч байна. Манай аймаг
бас энэ жилийн хамгийн олон малтай аймагт орсон байна. Нутгийн ах,
дүүгийн дэмжлэг их байлаа. Эхнэр бид хоёр хоёулхнаа энэ их малыг өсгөж
хүчрэхгүй. Хүүхдүүд бага байна. Хүмүүсээр мал маллуулж туслалцаа авч
байна.
-Хэдэн айлаар малаа маллуулдаг вэ?
-Гадаа хоёр айл байна. Тэдэнд цалин
өгөөд малаа маллуулдаг. Бас түрээсээр малаа маллуулдаг долоон малчин
байна. Хонь өгөөд төллөхөөр нь төлөө хувааж авдаг. Түрээсийн малчид нэг
айл 100 орчим хонь авдаг. Тэгээд төлөө 50 хувиар хуваагаад авна. Зарим
малчид гадаа ирээд цалин аваад мал маллах нь дээр гэдэг. Зарим нь түрээс
авсан нь хамаагүй амар гэж ярьдаг. Аль сонирхлоороо л хамтарч ажиллаж
байна. Нэг айлд сарын 200 мянган төгрөгийн цалин өгдөг.
-Малчин хүнд зорьсон бодсон юм байдаг болов уу. Ойрын төлөвлөгөөнд мал сүрэг хэдэн мянга хүрэх бол?
-Малын тоогоо хэдэн мянга хүргэнэ гэж
тоо хөөцөлдөхгүй. Гэхдээ мал өсч л байг гэж би боддог. Мал өсч байвал
орон нутагтаа ч хэрэгтэй. Ажилгүй иргэд малаа маллаад цалингаа авчихна.
Гол нь бэлчээрээ хайрлах хэрэгтэй. Би нэг газраа хоёр сар болоод нүүдэл
хийдэг. Тэгж байж бэлчээрээ хамгаалж талхлахгүй. Гурван ханатай гэр
бариад нүүдэллээд л явдаг даа. 2004-2005 оны үед мал хамгийн их эрчимтэй
өссөн. Төлийн хорогдол багатай, 95-аас дээш хувьтай орж байсан. 2007
оноос хойш малаа түрээслүүлээд эхэлсэн болохоор төлөө хувааж авч байгаа
учир бас тэр үетэй харьцуулахад өсөлт бага зэрэг саарсан байж мэднэ.
-Жилдээ хичнээн мал борлуулдаг юм. Жилийн орлогоо хэлж болох уу?
-Сүүлиин үед төлийнхөө 60 хувийг
борлуулчихаад байна. Жилийн орлого гэхээр, нарийн тооцоо алга. Дунджаар
50-60 сая төгрөг болов уу. Үхэр 20 сая, хонь 20 сая, ямаа ноолуурын
гарцаас шалтгаалаад наймаас арван сая төгрөг. Адуунаас ашиг олно гэж
боддоггүй. Уналгад хэрэглэх зорилгоор өсгөж байна.
-Малчид их хөдөлмөрлөж, ур ухаан туршлага хуримтлуулдаг. Энэ ухаан, туршлагынхаа талаар ярихгүй юу?
-Малчин болгон адил даа. Малаа өөрийн
хүүхэд шиг хайрлана. Тэгж байж мал өснө. Дээлээ тайлахгүй байсаар
өнгөрдөг үе бий. Би ээж ааваас есүүлээ. Хоёр эгч, нэг ах маань төвд
байна. Бусад нь бүгд мал дээр байна. Туршлага гэвэл бусад малчинтай л
адил даа.
-Зарим малчин малаа жийп машинаар хариулдаг болсон гэсэн. Малчдын ажил хөнгөрөөд амар болсон юм биш үү?
-Би энэ тухайд эсрэг бодолтой явдаг.
Малыг мориор л хариулна гэхээс машин, мотоциклиор хариулж болохгүй.
Малаа хайрладаггүй юмаа гэхэд хөрс, шороо, ургамлаа хайрлах хэрэгтэй.
Мориор явах нь дээр үү, өдөр болгон машин унаад байсан нь дээр үү.
Бэлчээр талхлагдаад юу болох билээ. Хөдөө мотоциклиор мал хариулдаг
хүмүүс олон болсон шүү.
-Малчид хүүхдүүдээ хотод
сургуульд сургаж мэргэжил эзэмшүүлдэг болсон байна. Үүнтэй холбоотойгоор
залуу малчид ховордлоо гэж ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Би бас хүүхдүүдээ сургуульд сургаж
байна. Ямар ч байсан эхний ээлжинд эрдэм сурах хэрэгтэй. Цаг үетэйгээ
хөл нийлүүлэн алхах ёстой. Заавал малчин бол гэж хэлэхгүй. Хүчээр
тулгахгүй. Хэрвээ өөрсдөө сургуулиа төгсөөд малаа хариулна, малчин болно
гээд ирвэл баярлана. Манай бага хүү малчин болно, сургуульд явахгүй л
гэж яриад байна. Өөрсдийнх нь сонирхлыг харна даа. Ер нь залуу хүүхдүүд
боловсролтой байх ёстой. Эцэг, эхчүүд бүгд л тэгж бодож байгаа байх.
Малчид өнөөдөр сайхан, хангалуун боломжийн амьдарч байна. Тэгэхээр
хүүхдүүд том болоод яаж амьдрахаа өөрсдөө шийднэ.
-Улсын хамгийн олон малтай малчнаар тодорсон гэдгээ та хэзээ мэдсэн бэ?
-Би мэдээгүй байхад хүмүүс "Чи зурагтаар
гарч байна" гэж ярьсан. Улсын хамгийн олон малтай малчин болсон байна
гэсэн. Мэдээг нь харж чадаагүй. Говийн аймгуудад дөрөв, таван мянган
малтай айл байна гэж сонсогддог байсан болохоор өөрийгөө хамгийн олон
малтайд тооцогдоно гэж бодоогүй байсан. Тэгээд хотод уригдаж ирээд байж
байна.
-Малын тоо өссөөр байхад махны үнэ буурахгүй, үнэтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Газар дээр нь үнээ тохиролцоод худалдаж
авна гэсэн хүмүүст өгчихдөг. Ченжүүдийн гар дамжаад үнэ хөөрөгдөж байна
гэдэг. Энэ талаар бид мэдэхгүй. Манай гадаа ирээд авах хүмүүст нь үнэ
тохироод өгчихдөг. Одоо цагаан сар болж байна. Газар дээрээ хонь
дунджаар зуу мянган төгрөг байгаа байх. 30 килограммаас дээш жинтэй эр
хонь арай үнэтэй байгаа байх.
Х.ЦЭНД-АЮУШ
http://www.medee.mn/main.php?eid=43107